ТАРАГ БИДНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭД

Энэ удаа та бүхэндээ олон улсад тарган дээр хийгдсэн сонирхолтой судалгаануудын талаар товчхон танилцуулахаар шийдлээ. Учир нь Монголчуудын дунд чихрийн шижингийн өвчлөлтэй тохиолдолд сүү цагаан идээг хүнсний хэрэглээнээсээ хассан тохиолдол маш их байдаг. Тухайн өвчтөнийг эмчилж байгаа болон оношилж байгаа эмч нарт бас анхаарах нэг зүйл байна. Та сүү таргаа хориорой гээд тухайн өвчтөнд шууд л хэлчихдэг, харин ямар хугацаагаар хориглох, яагаад гэдэг дээр сайтар тайлбар өгөөгүйгээс шалтгаалж тухайн өвчтөн сүү цагаан идээгээ ямар хугацаагаар хориглохыг сайн ойлгоогүйгээс шалтгаалж зарим нь насан туршдаа хэрэглээнээсээ хассан тохиолдол их байна. Ингэснээр нэг бүлгийг хүнснээсээ хассанаас шалтгаалж цаашид бие махбодод нь өөр бусад бүлэг хүнсийг нэмж хэрэглээнээсээ хасах шалтгаан нэмэгдсээр байгаад эмч нар болон хоол зүйчид анхаарлаа хандуулах цаг иржээ.

АНУ-ын насанд хүрсэн 192352 хүний хооллолтын байдалд 4 жилийн хугацаанд хийгдсэн  3 том судалгааны дүн шинжилгээгээр өдөрт таргийн хэрэглээг  0,5 нэгжээс их хэмжээгээр нэмэгдүүлэхэд  чихрийн шижин өвчний эрсдэлийг 11%-иар бууруулж болохыг нотолсон байна.

 Канадын 20 орчим насны залуучуудын дунд хийгдсэн судалгаагаар тараг идэх нь амьдралын хэв маягийн ямар нэг хүчин зүйлээс үл хамааран таргалалтын эрсдэлтэй хүмүүсийн инсулины зохицуулах чадварыг нэмэгдүүлэх боломжтой.

АНУ-д 2-18 насны хүүхэд, өсвөр насныханд 7 хоногт дор хаяж нэг удаа тараг иддэг хүүхдүүдийн эрүүл мэндийн үзүүлэлт нь тараг иддэггүй хүүхдийнхтэй харьцуулахад чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулж байгааг харуулсан байдаг. Хүүхдүүдийн хөнгөн зууш иддэг цагаар тараг орлуулж хэрэглэхэд бодисын солилцооны зохицуулалт, ялангуяа цусан дахь глюкозын зохицуулалт, инсулины хариу урвалд ач холбогдолтой байгааг нотолсон байдаг

Дани улсад 50-64 насны хүмүүсийн дунд 15,3 жилийн ажиглалт хийсэн судалгаагаар тослог багатай сүүн бүтээгдэхүүний оронд тараг идсэн нь чихрийн шижин өвчний эрсдэл 11-17% -иар буурч байгааг нотолсон байдаг.

Испанийн өндөр настнуудад 4,1 жилийн турш хийсэн ажиглалтын судалгаагаар өдөрт нэг порц нүүрс ус агуулсан хөнгөн зуушны оронд тараг уулгаснаар чихрийн шижин өвчний эрсдэлийг бууруулж болохыг нотолсон байна.

Их Британид 11 жилийн турш хийсэн судалгаагаар чихрийн шижингийн хяналтад байсан 40-79 насны хүмүүст төмсөөр хийсэн зуушны оронд тараг орлуулснаар чихрийн шижин өвчний эрсдэл 47%-иар буурч байгааг мөн харуулсан байдаг.  


Эдгээр тарган дээр хийсэн судалгаануудыг харахад таргийг өдөр тутамдаа тогтмол хэрэглэх нь 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэлийг бууруулах, мөн бодисын солилцооны хам шинж өвчний эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэх, нийт хүн амын дунд зүрх судасны өвчний эрсдэлийг бууруулах боломжтойг эдгээр нотолгоонууд харуулж байна.

Тараг нь бидний ашигтай бактерийн тоог өсгөдөг, тэн дундаа та өөрийн гараар таргаа бүрж хэрэглэвэл илүү үр дүнтэй болно. Энэхүү нийтлэл маань танд таалагдсан бол коммент хэсэгт та өөрийн Е –mail хаягаа үлдээгээрэй. Дараа бэлтгэх шинэ блог маань таны Е –mail хаягаар танд хамгийн түрүүнд очих болно.

Хүндэтгэсэн
Хоол зүйч Б. Оролмаа

Эх сурвалж:
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC9776648/
https://www.yogurtinnutrition.com/eating-yogurt-may-protect-against-insulin-resistance-in-young-people-at-risk-of-obesity/
https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC6244743/
https://www.yogurtinnutrition.com/yogurt-consumption-is-associated-with-reduced-risk-of-type-2-diabetes-and-metabolic-syndrome/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This error message is only visible to WordPress admins

Error: No feed found.

Please go to the Instagram Feed settings page to create a feed.